Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдах, шинэ олон улсын нисэх буудлын урд хэсгийг дайран өнгөрөх “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлэхээр болжээ.
Шинэ чиглэлийн нийт урт нь 102 км байх бөгөөд хоёр өртөө, дөрвөн гарцтай байх төдийгүй 2.5 км урттай гүүр багтаахаар төлөвлөсөн байна. Барилгын ажлыг 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор дуусгахаар төлөвлөж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын компаниудын удирдлагуудтай уулзаж, “Багахангай–Хөшигийн хөндий” төсөл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэрээр уулзалтын үеэр Хөшигийн хөндийд 150 мянган хүн амьдрах дагуул хот байгуулж, чөлөөт эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн болон тээвэр логистикийн бүс бий болгохоор төлөвлөж байгааг онцолсон юм.
“Энэ төслийг хэрэгжүүлэхэд дотоодын компани, инженерүүдийг оролцуулж, богино хугацаанд чанартай, хариуцлагатайгаар гүйцэтгэнэ” хэмээн сайд онцолжээ. Түүнчлэн төмөр замын компанийн төлөөллүүдийн асуултад хариулахдаа харилцан ойлголцол, нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал гэдгийг тодотгосон байна.
Талууд “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгах, салбарын яамнаас хэрэгжүүлэх томоохон төслүүдийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар мөн ярилцжээ.