Монголын холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил “ONE Championship” холбооны “One Fight Night-38” тэмцээний гол тулаанд ялалт байгуулж, дэлхийн аваргын бүсийг хүртэн түүхэн амжилт тогтоолоо.
Тэрээр 65.8 кг-ийн жингийн дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанд Бразил улсын, тус бүсийг эзэмшиж байсан Фабрисио Де Андраде-тай өрсөлдсөн юм. Б.Энх-Оргил тулааны дөрөвдүгээр үед өрсөлдөгчөө боолтоор (Submission) ялснаар аваргын бүсний эзэн болов.
Тамирчдын Үзүүлэлт
Монголын тамирчин Б.Энх-Оргил нь өмнө нь холимог тулаанаар 16 тулаан хийж, 13 ялалт (үүний 3 нь хүнд цохилтоор), 3 ялагдалтай байсан туршлагатай. Тэрбээр Гавьяат Тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хангадаг.
Харин түүний өрсөлдөгч, дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Фабрисио Де Андраде нь 28 настай, кикбокс, муай тай суурьтай тамирчин юм. Тэрээр холимог тулаанаар 13 тулаан хийж, 10 ялалт (үүний 6 нь хүнд цохилтоор), 3 ялагдалтай үзүүлэлттэй байсан бөгөөд кикбоксоор 24 тулаанд оролцож, 20 ялалт байгуулсан туршлагатай хүчтэй өрсөлдөгч байлаа.
