Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдийг хамарсан Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо. Энэ бүс нутагт нийт 525 мянган хүн амьдардгаас 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байдаг бөгөөд жил бүр хавдраар 900 гаруй хүн амь насаа алддаг гэсэн судалгаа бий. ХСҮТ-өөс гаргасан мэдээллээр жилд 580 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд энэ нь бүс нутгийг хавдар өвчлөлөөр №1, нас баралтаар №2 байранд оруулж байна.
Мөн хавдартай иргэдийн 71.3 хувь нь оношлуулж байхдаа хожуу үе шатандаа хүрсэн байдаг нь асуудлын нэг гол шалтгаан билээ. Тиймээс Засгийн газар 2025 оны 8-р сарын 6-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулахаар шийдвэр гаргасан бөгөөд Эрдэнэт хотод энэхүү төвийг албан ёсоор нээлээ.
Дэд төв нь хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний цогц үйлчилгээ үзүүлэх бөгөөд эмэгтэйчүүд, элэг, хөхний хорт хавдрын мэс заслын бэлэн бүтэцтэй байна. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулсан бөгөөд цаашид нэмж нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангах төлөвлөгөөтэй. Тус дэд төвд 177 орон тоо бий, ХСҮТ-ийн 10 мэргэжлийн эмч ажиллана. Өдөрт амбулаториор 500 хүн, стационараар 35 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой бөгөөд өдөр бүр 30 хүнд химийн эмчилгээ үзүүлнэ.
Хойд бүсийн иргэд өөрийн орон нутагтаа өндөр түвшний оношилгоо, эмчилгээ авах боломжтой болсон нь хувь хүн, гэр бүлд санхүүгийн дарамтыг бууруулах, ХСҮТ-ийн ачааллыг 16 хүртэл хувиар багасгах томоохон ахиц болж байна.