Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, салбарт үүсээд буй хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцлээ. Дэлхий нийтэд үүсээд буй шатахууны хомсдол, тээвэрлэлтийн зардлын өсөлтөөс шалтгаалан махны нийлүүлэлтийн үнийг шинэчлэх, төрөөс дэмжлэг үзүүлэх хүсэлтийг компаниудын зүгээс хотын захиргаанд гаргаад байсан юм.
Уулзалтын үеэр “Агро нэгтгэл трейд” компанийн захирал Л.Нямсүрэн “Түлш, шатахууны хомсдол зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад махны үнийг нэмэх хэрэгтэй байна. Бид өнгөрсөн хугацаанд маш их алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотойгоор татаас өгөх асуудалд анхаарах хэрэгтэй байна. Махыг бэлтгэн нийлүүлэх явцад өндөр зардал гардаг. Тиймээс уян хатан хандахыг хүсье. Мах бэлтгэн нийлүүлж байгаа ААН-ийн зүгээс хонины махыг 16 мянган төгрөгөөр, үхрийн махыг 19 мянган төгрөгөөр худалдаалах саналтай байна. Компаниуд өдөр болгон алдагдалд орж байгаа” хэмээн нөхцөл байдлыг тайлбарлалаа. Түүнчлэн “Мах Импекс” ХК-ийн захирал Г.Будрагчаа одоогийн борлуулалтын үнийг хэт хямд байгааг тодотгоод, өмнө нь борлуулсан махны хэмжээнд үндэслэн урамшуулал хэлбэрээр татаас олгох шаардлагатайг онцлон тэмдэглэсэн юм.
Компаниудаас гарсан санал болон зах зээлийн бодит нөхцөлд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмж 18,000 төгрөг, хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15,000 төгрөгөөр тус тус худалдаалахаар шийдвэрлэлээ. Нийслэлийн удирдлагуудын зүгээс махны нийлүүлэлтийг тогтворжуулах дараах зохицуулалтуудыг хийхээр тогтсон байна.
- Махны өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулахгүй бөгөөд жижиглэнгээр борлуулна.
- Нийт 600 орчим цэгээр худалдаалах ба ирэх даваа гарагаас эхлэн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нийлүүлж эхэлнэ.
- Дөрөв болон тавдугаар саруудад хүрэлцэхүйц махны нөөц хангалттай байгааг албаныхан мэдэгдэв.
Түүнчлэн мах бэлтгэн нийлүүлэгч компаниудын алдагдлыг нөхөх зорилгоор өмнө нь худалдаалсан хонины махны зөрүүнд 1500 төгрөг, үхрийн маханд 2000 төгрөгийн татаас олгохоор боллоо. Энэхүү шийдвэр нь шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй зардлыг нөхөх, цаашид махны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад чиглэж байгаа юм.
