Ерөнхий сайд төслийн явцтай танилцаж, 10 сая еврогийн санхүүжилтийн үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав. Төслийг Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн санхүүжилтээр 2021 оноос гурван үе шаттай хэрэгжүүлж байна.
Дэвшилтэт тоног төхөөрөмж нэмэгдэж, эрт илрүүлэг-оношилгооны хүчин чадал өсөв
Төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв соронзон резонаст томографын аппарат, компьютер томографын аппарат, ангиограф, AI дэмждэг дижитал маммограм аппараттай болжээ. Үүний үр дүнд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх нөхцөл бүрдэж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх боломж нэмэгдсэн байна.
Робот мэс заслыг анх удаа нэвтрүүлж, энэ сарын 28-нд эхлүүлэхээр бэлтгэж байна
Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 28-нд мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглахаар төлөвлөгөөний дагуу бэлтгэл хангаж байна. Энэ нь тус төвийн мэс заслын тусламж үйлчилгээний технологийн шинэ шатанд орж буй алхам болж байна.
Туяа эмчилгээ, тархины гүний хавдрын мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгалтын ахиц
Тус төв 2022 онд туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлснээр туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлжээ.
Мөн өмнө нь манай улсад эмчлэх боломжгүйд тооцогдож байсан тархины гүнд байрлалтай хавдрын эсрэг мэс заслыг өнгөрсөн оноос хийж эхэлсэн байна. Үүнээс гадна 2018 онд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нартай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж байсан бол одоо уг эмчилгээг тус төвийн эмч нар өөрсдөө гүйцэтгэдэг болжээ.
Цахим бүртгэл, бүсчилсэн төвүүд, шинэ бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
21 аймаг, есөн дүүргийг Хавдар судлалын үндэсний төвтэй холбосон цахим бүртгэлийн систем нэвтрүүлснээр өвчтөн хаана оношлогдсоноос үл хамааран мэдээлэл нь төвд шууд бүртгэгдэж, хугацаа алдалгүй эмчилгээ эхлүүлэх боломж бүрдсэн байна.
Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил Хойд бүсэд хавдрын дэд төв нээсэн. Сонгинохайрхан дүүрэгт “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Мөн дурангийн оношилгоо, эмчилгээний төв барьж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
