Хамрын битүүг зөвхөн дусаалга, цацлага эсвэл эмээр бус, зөв хоол хүнс хэрэглэх замаар арилгах боломжтой. Мэргэжилтнүүд хамрын хөндийг цэвэрлэж, битүүг арилгахад тусалдаг тодорхой хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ.
Хамрын битүүрэл нь ханиад болон улирлын чанартай харшлын үед илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм. Зарим хүнсэнд агуулагддаг биологийн идэвхт нэгдлүүд нь үрэвслийг намдааж, хамрын хөндийг цэвэрлэхэд тусалдаг байна.
Verywellhealth хэвлэлийн мэдээлснээр дараах 6 хүнс хамгийн үр дүнтэй ажээ:
1. Халуун шөл
Халуун шөл бол эртнээс “анагаах увдистай” хүнсэнд тооцогдсоор ирсэн. Шингэн нь салстыг шингэлэхэд тусалдаг бол халуун уур нь хамрын хөндийн битүүг зөөлрүүлдэг. Ялангуяа тахианы шөл нь үрэвслийн эсрэг зөөлөн үйлчилгээ үзүүлж, ханиадны шинж тэмдгийг намдаадаг байна.
2. Халуун цай
Халуун ундаа нь салст бүрхэвчийг чийгшүүлж, уур нь хамрын замыг түр зуур нээхэд тусалдаг. Ногоон цайнд агуулагдах катехин хэмээх антиоксидантууд нь хамар битүүрэх хугацааг богиносгодог. Мөн балжингарам, цагаан гаа, гаа эсвэл хаврын аюулгана зэрэг ургамлын цайнууд нэмэлт тус үзүүлдэг.
3. Зөгийн бал
Цайндаа зөгийн бал нэмж уух нь маш тустай. Энэ нь антиоксидант болон дархлаа дэмжих шинж чанартай бөгөөд ханиалгыг намдааж, цэр ховхлоход тусалдаг.
Анхаар: Зөгийн балыг нэг хүртэлх насны хүүхдэд өгөхөөс хатуу татгалзах хэрэгтэй.
4. Халуун ногоотой хоол
Халуун ногоо нь хамрыг “нээх” чадвартай. Чили чинжүүнд капсаицин, харин васаби, гич болон хярамганад алилизотиоцианат агуулагддаг. Эдгээр бодисууд нь салст бүрхэвчийг цочроож, салс ялгаралтыг идэвхжүүлснээр битүүг хурдан арилгадаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл эсрэгээрээ үрэвслийг сэдрээж магадгүйг анхаараарай.
5. Хан боргоцой
Хан боргоцойнд агуулагддаг бромелайн хэмээх фермент нь салстыг шингэлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн хан боргоцой нь дархлаа дэмжих С витаминаар баялаг юм. Зарим судалгаагаар бромелайн нь гайморитын шинж тэмдгийг намдаадаг болохыг тогтоожээ.
6. Пробиотик тараг
Сүүн бүтээгдэхүүн салстыг “өтгөрүүлдэг” гэсэн нийтлэг ойлголт байдаг ч пробиотиктой тараг нь үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд дархлаанд чухал цайр (zinc) агуулдаг. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь ханиад тусах эрсдэлийг бууруулж, өвчний явцыг хөнгөвчилдөг. Сахаргүй буюу грек таргийг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Юунаас татгалзах вэ?
Хамар битүүрсэн үед дараах зүйлсийг хязгаарлах нь зүйтэй:
- Согтууруулах ундаа: Биеийг шингэн дутагдалд оруулж, үрэвслийг нэмэгдүүлдэг.
- Цэвэршүүлсэн сахар: Үрэвслийн процессыг идэвхжүүлдэг.
- Гистаминаар баялаг хүнс: Бяслаг, боловсруулсан мах, даршилсан ногоо зэрэг нь зарим хүмүүст шинж тэмдгийг хүндрүүлдэг.
Эмчид хэзээ хандах вэ? Хэрэв хамрын битүүрэл 10-аас дээш хоног үргэлжлэх, өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, эсвэл шингэн дутагдлын шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
