Монгол Улсын төмөр замын тээврийн салбар нь улсын эдийн засаг, хувийн хэвшлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Энэ хүрээнд тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлаа харилцан ойлголцож шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтын ажиллагаа–2025” зөвлөгөөн энэ жил амжилттай болж өнгөрлөө.
Зөвлөгөөнд Зам тээврийн хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагуудаас гадна УБТЗ-аар тогтмол үйлчлүүлдэг олон аж ахуйн нэгж, тээвэр зууч, экспортлогч, импортлогч байгууллагууд оролцож, өөрсдийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдэлд хүрэхийг зорив.
Сүүлийн жилүүдэд төмөр замын ачаа тээврийн хэрэгцээ эрс өссөн бөгөөд 2024 оны байдлаар УБТЗ-д 50 сая тонн ачаа тээвэрлэх захиалга иржээ. 2023 онд гэхэд тус нийгэмлэг нийт 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрсэн үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд 4627 аж ахуйн нэгж, 2474 иргэн УБТЗ-аар үйлчлүүлсэн бол төмөр замчид тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын төлөө 24 цагийн турш ажиллаж байгаа талаар зөвлөгөөн дээр онцоллоо.
Энэхүү зөвлөгөөн нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тээврийн сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бөгөөд зөвхөн бизнес төдийгүй улсын эдийн засагт ч чухал ач холбогдолтойг оролцогчид онцолж байв.