Ням, 9 сар 7, 2025
HomeСоёл УрлагХакүхо М.Даваажаргал “Монгол хаан” жүжгийн Япон дахь соёлын элчээр томилогдлоо

Хакүхо М.Даваажаргал “Монгол хаан” жүжгийн Япон дахь соёлын элчээр томилогдлоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал “Монгол хаан” жүжгийн Япон Улс дахь соёлын элч төлөөлөгчийн албан тушаалыг хашихаар боллоо. “Монгол хаан” жүжгийн төслийн багийнхан Япон Улсын Токио хотноо 2025 оны наймдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг уг титмийн эзэн болохыг албан ёсоор танилцуулсан байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг, хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд, Э.Баясал болон Хакүхо аварга нар оролцжээ. 1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхийн төрөлд 30 ба түүнээс дээш удаа түрүүлсэн хоёр аварга байдаг бөгөөд 1187 даваа авч, 45 удаа тэргүүлэн Японы эзэн хааны цомыг хүртсэн цор ганц бөх бол Хакүхо М.Даваажаргал юм. Тэрбээр “Монгол хаан” жүжгийн соёлын элчийн хувьд Монголын сумочид хоёр улсыг холбосон гүүр байсан бол энэ жүжиг тэрхүү гүүрийг соёлын хувьд бэхжүүлж байгаад баяртай байгаагаа хуваалцаж, 2025 оны Аки болон Кюшү башё хоорондын аравдугаар сард Токио, Нагояа хотод тоглоход бэлэн байгаагаа онцоллоо.

Өмнө нь Монгол, Их Британи, Сингапурын тайзнаа амжилттай тоглогдож, мэргэжлийн шүүмжлэгч, үзэгчдийн өндөр магтаалыг хүлээсэн “Монгол хаан” жүжиг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” бүтээлийн үндсэн дээр туурвигджээ. Энэ жүжиг 124 сая хүн амтай, Азийн томоохон зах зээл болох Япон улсад амжилттай нэвтрэн, театрын ертөнцөд Азийг төлөөлөх чадвартай төсөл болж чадсан бөгөөд жил бүр энэ амжилтаа баталсаар байна.

Энэ жил Монголын Үндэсний Их Баяр Наадмаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито, Эрхэм Дээд Хатан Масака нар Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалтай давхцаж буй нь онцлог юм. Иймд Япон даяар Монголын соёлд анхаарал хандуулж буй энэ цаг үед ирэх сард Монголын 70 гаруй шилдэг уран бүтээлчид Японыг зорино. Энэ нь хоёр улсын соёлын хамтын ажиллагааны түүхэнд тод мөр үлдээх үйл явдал болох нь эргэлзээгүй гэж үзэж байна. “Монгол хаан” жүжгийн тасалбар Японы зах зээл дээр борлуулалтаа эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-20-нд Токио хотод, 24-26-нд Нагояа хотод тоглогдохоор төлөвлөж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд