Монгол Улсад Парабочигийн спорт үүсэж хөгжөөд найм дахь жилтэйгээ золгож буй энэ үед, уг спортын үндэсний хэмжээний гол тэмцээнийг дэмжигч ХААН Банк сан зургаа дахь жилдээ тууштай хамтран ажиллаж, тусгай хэрэгцээт хүүхэд, залуусын хөгжлийг дэмжсээр байна.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн спортын замналыг нээсэн Парабочи
40 жилийн өмнө Олимпын наадмын хөтөлбөрт багтаж байсан Парабочигийн спорт нь өнөөдөр Монголын тусгай хэрэгцээт хүүхэд залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, улмаар олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготойгоор хөгжиж байна.
Монголын Парабочигийн холбоо 6 дахь жилдээ Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд энэ хугацаанд ХААН Банк сан спортын хөгжлийг өргөн хүрээнд дэмжиж, дараах чиглэлд идэвхтэй оролцож ирсэн. Үүнд:
- Тамирчдыг дотоод, гадаадын тэмцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх
- Спортын зориулалтын хэрэгслээр хангах
- Сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх
- Хувь хүний хөгжил, багийн ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны хамтын ажиллагаа бий болгох
Улсын аваргын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Парабочигийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 9–10-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж, олон улсын дүрмийн дагуу 4 ангилалд шилдэг тамирчид өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм. Шагнал гардуулах ёслолд ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх оролцож, амжилт гаргасан тамирчдад шагнал гардуулан, нийт оролцогч, ар гэрийнхэн болон багш дасгалжуулагчдад өндөр амжилт, сайн сайхныг хүсэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Мөн энэ жил ХААН Банк сангаас өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг дэмжин ажиллахаар болсон нь хүүхэд залуусын спортын хөгжилд оруулах үнэт хувь нэмэр юм.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан
Хувийн хэвшлийн анхдагч нийгмийн хариуцлагын байгууллагуудын нэг болох ХААН Банк сан 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслийн гол зорилго нь Монголын нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгддэг.