Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Дулааны V цахилгаан станцын урьдчилсан шалгаруулалт нээлттэй зарлагдсаныг мэдэгдлээ. Тэрбээр, “Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станц ашиглалтад орсноос хойш шинэ эх үүсвэр баригдаагүй. Үүнээс шалтгаалан нийслэлд шинэ орон сууцны хороолол, бүтээн байгуулалт нэмэгдсэн ч дулаан, цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй болсон. Өнгөрсөн 20 жилийн турш V станцын тухай ярьсаар ирсэн ч хэрэгжээгүй. Харин өнөөдөр бид энэ асуудлыг бодит ажил болгохоор эхлүүллээ” гэв.
Шинэ станцын байршил, хугацаа
Шинэ дулааны станцыг Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах II цахилгаан станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн. Урьдчилсан шалгаруулалтыг 2025 оны 9-р сард дуусгаж, гэрээ байгуулах бөгөөд үүнээс хойш 30 сарын дотор буюу 2028 оны эхээр ашиглалтад оруулахаар зорьж байна.
Эрчим хүчний хэрэгцээг хангана
Төслийн хүрээнд V цахилгаан станц ашиглалтад орсноор:
- Шинээр 40 мянган айлыг дулаанаар,
- 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэх аж.
Х.Нямбаатарын онцолсноор энэхүү төсөл нь эрчим хүчний хомсдолыг бууруулах, шинэ бүтээн байгуулалтад шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх, улмаар гадаадын эрчим хүчний импортыг хязгаарлах бодит өгөөжтэй юм.