Монголын поп урлагийн ноён оргилуудын нэг “GUYS” хамтлаг 28 жилийн ойн “Сургууль минь баяртай” хэмээх задгай талбайн тоглолтоо хийх гэж буй нь үзэгч, фенүүдийн дунд хүлээлт өндөртэй байна. Тоглолт болохоос хоёрхон хоногийн өмнө VIP ангиллын тасалбар бүрэн зарагдаж дууссан нь энэ удаагийн тоглолтын эрэлт, хүлээлтийг тодорхой илтгэж байна.
Тус тоглолт 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр “Socialpay Park”-д болох бөгөөд тайз засалт, техникийн тохиргоо зэрэг бэлтгэл ажлууд дуусах шатандаа оржээ. Олон жил задгай тайзнаа уран бүтээлээ толилуулаагүй хамтлагийн хувьд энэ тоглолт онцгой ач холбогдолтойд тооцогдож байна.
Мөн “GUYS” хамтлаг Эх үрсийн баярыг тохиолдуулан нэгэн сэтгэл хөдөлгөм сюрприз бэлдсэн нь олон хүний талархлыг хүлээгээд буй. Тэд нийт 2800 “Алдарт эх”-ийн одонтой ээжийг тоглолтоо үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож, олон жилийн турш хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүдийн хөдөлмөрийг хүндэтгэсэн юм.
Тоглолтыг үнэ төлбөргүй үзэх эрхтэй одонтой ээжүүд дараах шалгуурыг хангах шаардлагатай. Үүнд:
- EventX хуудсыг дагах
- Тоглолтын сурталчилгааг өөрийн хаяг дээр шэйр хийх
- Комментар хэсэгт тоглолт үзэх хүсэлтэй дөрвөн найзаа мэншн хийх
- Үйлдлүүдээ баталгаажуулсан скрийншот
- Одонгийн үнэмлэхээ авч ирэх
Эдгээр шаардлагыг хангаж буй ээжүүд албан ёсны тасалбараа үнэ төлбөргүйгээр авах боломжтой.
“GUYS” хамтлагийн энэхүү тоглолт нь зөвхөн хөгжим, дурсамжийн үдэш төдийгүй эхчүүдийг урамшуулах, хамтдаа баярлах нэгэн утга бүхий арга хэмжээ болон өрнөх гэж байна.