Сар бүрийн хүнсний үнийн мэдээгээр гурил болон махны үнэ хамгийн их хэлбэлзэлтэй байгааг харж болно. 2023–2024 оны өвөл, хаврын цаг уурын хүндрэл нь хөдөө аж ахуйн салбарт нэг тэрбум ам.долларын хэмжээний хохирол учруулсан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлсэн. Үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэх зорилгоор УИХ-аас улаанбуудай, малын тэжээл, гурил зэрэг бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах шийдвэр гаргаж, зах зээлийн үнийн савлагааг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд 65 мянга гаруй тонн гурил Монгол Улсад татваргүйгээр импортлогдсон бөгөөд уг зохицуулалт тухайн үеийн нөхцөл байдлыг тогтворжуулахад тодорхой үр нөлөө үзүүлсэн байна. Гэсэн ч импортын буудай болон гурилын их хэмжээний нийлүүлэлт нь дотоодын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөө үзүүлж, үйлдвэрлэл буурсан бөгөөд 3–4 үйлдвэр бүрэн зогсож, дахин хэд хэдэн үйлдвэр дампуурах эрсдэлтэй тулгарсан.
Үүний улмаас Засгийн газраас өмнөх татварын нөхцөлд шилжих нь зүйтэй хэмээн үзэж, Ж.Энхбаяр сайд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг 2025 оны хаврын чуулганаар хэлэлцэж, хаврын тариалалтын өмнө шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.
Гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийлж байна:
- “Улаанбуудай болон гурилын гаалийн татварыг эргэн харж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих шаардлагатай байна.”
- “Үйлдвэрүүдийн хүчин чадал 30–50 хувиар буурч, ажлын байр, цалин хөлсөнд хүндрэл учирч, зогсолт ихэссэн.”
- “Гурилын борлуулалт огцом буурсныг импортын бүтээгдэхүүний их хэмжээтэй шууд холбож байна.”
Нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр, 2025 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар “Алтан тариа” нэрийн савласан гурилын дундаж үнэ дараах байдалтай байна:
- Дээдийн дээд зэрэг – 4222₮
- Дээд зэрэг – 3193₮
- 1-р зэрэг – 2220₮
- 2-р зэрэг – 1358₮
“Барс” худалдааны төвд худалдаалагдаж буй үнэ:
- Дээдийн дээд зэрэг – 4200₮
- Дээд зэрэг – 3000₮
- 1-р зэрэг – 2100₮
- 2-р зэрэг – 1600₮
Үйлдвэрлэгчдийн тайлбараар гурилын үнийн өсөлт нь улаанбуудайн хомсдолтой холбоотой аж. Харин Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн мэдээлснээр дотоодын гурилын үйлдвэрүүд нийтдээ 210 мянган тонн улаанбуудай нөөцөлсөн бөгөөд нэмж тус корпорацийн төв агуулахад 70 мянган тонн хүнсний зориулалттай буудай хадгалагдаж байгаа. Иймд 2025 оны үйлдвэрлэлд зориулсан буудайн нөөц хангалттай гэж үзэж байна.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд жил бүр дунджаар 560–800 мянган тонн үр тариа хураан авч байсан бол 2007 онд энэ тоо 77 мянган тоннд хүрч буурсан түүхтэй. Үүний дараа 2008 онд “Атрын III аян”-ыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.