Грипп бол халдвартай амьсгалын замын өвчин бөгөөд өндөр халуурах, ханиах, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, ихээр ядрах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Жил бүр хүйтний улиралд гриппийн вирус идэвхжиж, хурдтай тархдаг бөгөөд сургуулиуд болон ажлын байранд халдварлах эрсдэл өндөртэй.
1. Гриппийн улирал 10-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг
Грипп зөвхөн өвөл гардаг гэдэг ойлголт түгээмэл байдаг ч үнэндээ 10-р сараас эхэлж, 5-р сар хүртэл үргэлжилж болно. Ихэнхдээ өвлийн саруудад дэгдэлт өндөр байдаг ч хавар, намар ч тохиолдох нь бий.
2. Гриппийн вирус шинж тэмдэг илрэхээс өмнө халдварлах чадвартай
Грипп маш хурдан тархдаг гол шалтгаан нь хүн өөрөө шинж тэмдэггүй байсан ч вирусийг дамжуулж чаддагт оршдог. Халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс нэг хоногийн өмнө бусдад халдвар тарааж эхэлдэг бөгөөд хамгийн их халдвартай үе нь өвдсөний эхний 3-4 хоног байдаг.
3. Гриппийн шинж тэмдэг гэнэт илэрдэг
Грипп маш хурдан илэрдэг. Өнөөдөр өөрийгөө хэвийн мэдэрч байсан ч маргааш гэнэт их ядарч, өндөр халуурч, булчин өвдөж болзошгүй. Вирусийн нууц хугацаа 1-4 хоног үргэлжилдэг.
4. Вакцин хийлгэсний дараа дархлаа шууд үүсдэггүй
Гриппийн эсрэг вакцин хийлгэсний дараа дархлаа дор хаяж 2 долоо хоногийн дотор бүрэн тогтдог. Тиймээс улирлын дэгдэлтээс өмнө хийлгэх нь хамгийн үр дүнтэй хамгаалалт болно.
5. Жил бүр вакцин хийлгэх шаардлагатай
Гриппийн вирус тогтмол хувьсдаг тул жил бүр шинэ вакцин гардаг. Тиймээс өмнөх жилийн вакцин дараа жилийн вирусээс хамгаалж чаддаггүй тул жилийн бүр шинэчлэгдсэн вакцин хийлгэх шаардлагатай.
6. Гриппийн вакцин өвчлөл үүсгэдэггүй
Олон хүн вакцин хийлгэсний дараа грипп тусах боломжтой гэж боддог. Гэвч вакцин нь амьд вирус агуулдаггүй бөгөөд зөвхөн дархлааны хариу урвал өдөөж, бие махбодыг хамгаалалттай болгодог.
7. Грипп хүндэрвэл амь насанд аюултай байж болно
Грипп нь даамжрах эрсдэлтэй өвчин бөгөөд дараах хүн амын бүлгүүд хамгийн их эрсдэлтэй байдаг:
- 65-аас дээш насны хүмүүс
- 2-оос доош насны хүүхдүүд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Дархлаа султай хүмүүс
- Архаг өвчтэй хүмүүс (зүрх судасны өвчин, астма, чихрийн шижин гэх мэт)
8. Вакцин хийлгэсэн ч гриппээр өвдөх боломжтой
Гриппийн вакцин бүх төрлийн штаммаас бүрэн хамгаалдаггүй. Зарим тохиолдолд вирус өөрчлөгддөг учир шинэ штаммаар өвчлөх магадлалтай. Гэвч вакцин хийлгэсэн хүмүүс өвдсөн ч хөнгөн хэлбэрээр тусдаг.
9. Вакцин нь хүндрэлээс хамгаалдаг
Гриппээр өвдсөн ч вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэл эрс буурдаг. Өвчлөлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн амын бүлгүүд (ахмад настан, хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд) вакцин хийлгэх нь маш чухал.
10. Өндөгний харшилтай хүмүүс ч вакцин хийлгэж болно
Гриппийн зарим вакцинууд өндөгний уургийн ул мөр агуулдаг тул өндөгний харшилтай хүмүүс татгалздаг. Гэвч өнөөдөр өндөг агуулаагүй вакцинууд байдаг бөгөөд эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр харшилгүй вакцин сонгох боломжтой.
Гриппээс хэрхэн сэргийлэх вэ?
Грипп нь хөнгөн өвчин мэт санагдаж болох ч зарим тохиолдолд амь насанд аюултай хүндрэлүүдийг үүсгэдэг. Өвдөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол жил бүр вакцин хийлгэх, гараа тогтмол угаах, маск зүүх, дархлаагаа дэмжих явдал юм.