Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 15-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ буюу сошиал медиа ашиглахыг хориглох шийдвэр гаргаснаа зарлалаа. Энэ тухай “Ekathimerini” хэвлэл мэдээлэв.
Грек улс нь үндэсний хэмжээнд хүүхдүүдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарласан анхны орнуудын нэг болж байна. Тус улсын Засгийн газар холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг 2026 оны зун бэлэн болгож, 2027 оны эхнээс мөрдөж эхлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд Мицотакис хүүхдүүдэд хандан хэлсэн үгэндээ: “Одоо та бүхний олонх нь надад уурлах байх гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв би та нарын насан дээр байсан бол магадгүй адилхан л санагдах байсан биз. Гэхдээ бидний үүрэг бол зөвхөн хүүхдүүдэд таалагдах бус, тэдний ирээдүйг хамгаалах явдал юм” хэмээн онцолсон байна.
Грекийн эрх баригчид одоо Европын Холбооны бусад гишүүн орнуудыг ийм төрлийн арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлэхэд уриалж эхэлжээ.
Дэлхий дахинд үүнтэй ижил төстэй санаачилгууд гарсаар байгаа юм. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сард Францын Үндэсний Ассамблей ийм төрлийн хоригийг дэмжсэн бол Австрали улс 2024 оны 11 дүгээр сард 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал сүлжээ ашиглахыг хориглосон хууль албан ёсоор баталсан билээ.
