Америкийн Google компани Gmail үйлчилгээний хэрэглэгчиддээ өөрийн и-мэйл хаягаа солих боломжтой шинэ функцийг нэмлээ.
Mongolnews24.com-ийн мэдээлснээр, энэ тухай Google-ийн үйлчилгээний тусламжийн хуудсанд мэдээлсэн байна. Уг хуудсанд “Та шинэ хаяг сонгох боломжтой. Харин шинэ хаяг нь заавал @gmail.com-оор төгссөн байх ёстой” гэж заажээ. Энэхүү үйлдлийг жилд нэгээс илүүгүй удаа хийх боломжтойг анхааруулсан байна.
Шинэ функцын давуу талууд:
- Захидал хүлээн авах: Хаягаа сольсны дараа хуучин и-мэйл хаяг нь “туслах”, харин шинэ хаяг нь “үндсэн” хаяг болно. Захидлууд хоёр хаягт хоёуланд нь ирэх юм.
- Дата хадгалалт: Хэрэглэгчийн бүх мэдээлэл, тухайлбал ирсэн захидлууд, Google Photos дээрх зургууд болон бусад өгөгдөл бүрэн хадгалагдана.
- Уян хатан байдал: Хэрэглэгч хүссэн үедээ хуучин хаяг руугаа буцаж шилжих боломжтой.
Өмнө нь Gmail хаягаа солихын тулд заавал шинээр бүртгэл үүсгэж, мэдээллээ гараар шилжүүлэх шаардлага гардаг байсан бол одоо энэ процесс илүү хялбар болжээ.
