Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар гол мөрний усны горимыг судалсныг танилцууллаа. Судалгаагаар манай орны гол, мөрний усны түвшин аажим буурч, олон жилийн дунджаас 10–70 см-ээр бага байгаа нь тогтоогджээ.
Гол мөрнүүдийн бүсчлэлээр усны түвшний өөрчлөлт:
1. Хөвсгөлийн уулсаас усжих голууд
- Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт аажим буурсан бөгөөд олон жилийн дундажаас 5–60 см бага байна.
- Шишхэд голын хувьд харьцангуй ахиу буюу 15 см илүү түвшинтэй байжээ.
2. Хангай нурууны араас эхтэй голууд
- Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэгт сүүлийн хугацаанд усны түвшний өөрчлөлт бага байсан.
3. Хэнтий нурууны баруун хажуугийн голууд
- Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын түвшин аажмаар буурч, 5–40 см-ээр дунджаас доогуур байна.
4. Сэлэнгэ мөрөн ба Орхон гол
- Сүүлийн арав хоногт усны түвшин 5 см-ээр буурсан хэдий ч Орхон, Сэлэнгийн адгаар усны хэмжээ олон жилийн дундажаас 10–80 см-ээр илүү байна.
5. Хэнтийн нурууны зүүн хажуу болон Их Хянганы нуруунаас усжих голууд
- Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх зэрэг голуудын түвшин эхэндээ 5–15 см-ээр өссөн ч дараа нь буурсан. Олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеэс 10–45 см-ээр бага, харин Улз, Халх голын хувьд 5–30 см ахиу байна.
6. Алтайн нурууны салбар уулсаас эхтэй голууд
- Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Чонохарайх, Дундцэнхэр зэрэг голуудын усны түвшин дунд үеэр 5–10 см өссөн ч дараа нь буурсан. Жилийн дунджаас 20–60 см бага боловч 2024 оны мөн үеэс 10–35 см-ээр их түвшинтэй байжээ.
7. Хангай нурууны өврөөс усжих голууд
- Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Тээл, Завхан, Байдраг, Таац, Онги зэрэг голын усны түвшин тогтвортой байсан ба олон жилийн дунджаас 5–50 см бага байгаа нь тогтоогдсон.
8. Увс нуурын савын голууд
- Чигж, Хархираа, Түргэн, Тэс, Хангилцаг зэрэг голуудын түвшин өөрчлөлт багатай байсан. Усны хэмжээ өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10–25 см бага, Хангилцаг гол Цагаанхайрхан сум орчимд 5–10 см ахиу байна.
Ерөнхий дүгнэлт:
2025 оны зургаадугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас 10–70 см бага байгаа бол Улз, Халх, Балж, Орхон, Сэлэнгийн адгаар харьцангуй ахиу буюу 15–80 см өндөр түвшинтэй байна.