Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг нөхцөл байдлын судалгааг 2024 онд хийж, өнөөдөр танилцууллаа.
Судалгаагаар Улаанбаатар хотын нийт 180 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч буй бөгөөд гэр хорооллын талбай 232.06 км² хүрдэг байна. Үүнээс 20 км² гаруй талбай буюу нийт гэр хорооллын 10 орчим хувь нь том оврын аврах, гал унтраах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй, хаягжилтгүй, мөн үерийн эрсдэл өндөртэй бүсэд багтаж байгаа нь тогтоогдсон.
Нийслэлийн зургаан дүүргийг хамарсан уг судалгаагаар дараах асуудлуудыг илрүүлжээ:
- 396 байршил нь онцгой байдлын машин хүрч очих боломжгүй
- Мухар гудамж, эргэлт хийх боломжгүй замууд
- Үерт автагдах магадлалтай, үерийн ам, даланд буусан өрхүүд
- Хашаагаа хэт сунгасан, зам нарийсгасан байршлууд
- Хаягжилтгүй, өндөр хүчдэл доор байрласан газрууд
Эдгээр асуудлууд нь гамшгийн үед аврах ажиллагаа явуулах боломжийг эрс хязгаарлаж, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй байгааг судлаачид онцоллоо.