Даваа, 2 сар 23, 2026
HomeЭрүүл мэндГэнэтийн судалгаа: Гэрийн тэжээвэр амьтад хүүхдийн сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гэнэтийн судалгаа: Гэрийн тэжээвэр амьтад хүүхдийн сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эцэг эхчүүдийн ихэнх нь гэрийн тэжээвэр амьтан хүүхдийг илүү жаргалтай, тайван болгож, бусдыг хайрлах сэтгэлд сургадаг гэдэгт итгэлтэй байдаг. Гэвч зарим амьтдын үзүүлэх нөлөө огт төсөөлөөгүй үр дүн гаргадгийг эрдэмтэд тогтоожээ.

Испанийн эрдэмтэд INMA (Infancia y Medio Ambiente) төслийн хүрээнд 1900 орчим гэр бүлийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, эх хүн жирэмсэн байх үеэс эхлэн хүүхдийг 7-8 нас хүртэл нь ажигласан байна. World Journal of Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар нохой, муур, шувуу болон жижиг амьтад хүүхдийн сэтгэл хөдлөл, зан төлөвт хэрхэн нөлөөлдгийг тодорхойлжээ.

Муурнаас ирэх “аюул”

Судалгааны хамгийн гэнэтийн дүгнэлт нь мууртай холбоотой байв. Хүүхдийг 4-5 настай байхад гэр бүлд нь муур байх нь 7-8 нас хүрэхэд нь сэтгэл түгших, депрессийн шинж тэмдэг илрэх, зожигрох (интернализаци) болон түрэмгийлэл, дүрэм журам зөрчих (экстернализаци) эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Үүнд эрдэмтэд хоёр тайлбар өгч байна:

  1. Зан араншин: Муур төрөлхийн бие даасан, энхрийлэл бага шаарддаг тул хүүхэдтэй харилцах сэтгэл хөдлөлийн холбоог хязгаарладаг.
  2. Халдвар: Муур нь “токсоплазмоз” хэмээх шимэгчийн тээгч болдог. Энэ нь хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлж, сэтгэцийн эмгэг тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй.

Харин нохой болон шувууны хувьд хүүхдийн сэтгэцэд эерэг болон сөрөг ямар нэгэн мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна.

Жижиг амьтад — Шилдэг “антистресс”

Судалгааны жинхэнэ нээлт нь мэрэгч амьтад (зурам, туулай, далайн гахай), загас болон мөлхөгчид (яст мэлхий) байлаа. Ийм төрлийн амьтад тогтмол тэжээх нь хүүхдийн сэтгэл хөдлөлийн асуудал үүсэх эрсдэлийг бууруулдаг “хамгаалалтын хүчин зүйл” болдог байна.

Эрдэмтэд үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна:

  • Хариуцлага: Тэднийг асрах нь харьцангуй хялбар тул эцэг эхчүүд хүүхдээ хариуцлагад сургахад илүү тохиромжтой.
  • Сургалт: Загас эсвэл мэрэгч амьтныг арчлах нь тогтмол хэмнэл шаарддаг бөгөөд энэ нь хүүхдийн ой тогтоолт, өөрийгөө хянах чадварыг сэтгэл зүйн хэт их ачаалал өгөлгүйгээр хөгжүүлдэг аж.

Судлаачдын зүгээс хүүхэд 18 нас хүртлээ сэтгэл хөдлөлийн харилцааны загвараа бүрдүүлж байдаг тул гэрт зүгээр л нэг амьтан байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийг шууд сайжруулах баталгаа болохгүй гэдгийг онцолжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд