Монгол Улсын Гадаад харилцааны яаманд эмэгтэй бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдаж, 2025 оны 8-р сарын 25-26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн форумын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр оролцогчид уг форумын бэлтгэл ажил, зорилго, ач холбогдлын талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн уулзалтаар дэвшүүлсэн санал санаачилгуудыг нэгтгэн, форумын бэлтгэл ажлын хүрээнд тусгай хуралдаан зохион байгуулахаар боллоо.
Цаашид форумд оролцогчдод зориулсан сургалт, бэлтгэлүүдийг зохион байгуулж, тэдний олон улсын тавцанд гарах бэлтгэлийг хангах, компанийнхаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг илүү үр дүнтэй танилцуулах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах юм.
“Inspire, Impact, Invest” уриатай энэхүү форум нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, боломжийг нь тэлэх, туршлага хуваалцах, хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Форумд Монголын болон олон улсын жижиг, дунд бизнес эрхлэгчид, ТОП-100 компанийн удирдлага, хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.