Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын (НӨАТ) буцаан олголтын хэмжээг одоогийн хоёр хувиас таван хувь болгохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа ч энэ санаачилгын талаар дуу хоолойгоо хүргэж байсан гэдгээ сануулсан юм.
“Би УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ, 2023 оны аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналаа гаргасан. Тухайн үед petition.parliament.mn сайтаар дамжуулан зургаан хоногийн дотор 105 мянган иргэн энэхүү саналыг дэмжсэн. Харамсалтай нь тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ санаачилга хэрэгжих боломжгүй болсон” хэмээн Ерөнхий сайд дурдлаа.
Тэрээр цааш нь “Одоо Ерөнхий сайдын хувиар уг санаачилгаа дахин шинэчилж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ бол манай Засгийн газрын хэрэгжүүлж буй татварын цогц шинэчлэлийн нэг хэсэг” гэж онцлов.
Ингэснээр иргэдийн худалдан авалт, татварын тайлагналд хандах хандлага илүү ил тод, идэвхтэй болж, эдийн засаг дахь албан бус байдал багасах нэгэн чухал алхам болохыг Засгийн газар онцолж байна.