Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатар өнөөдөр УИХ-ын чуулганы индрээс ард иргэдэд хандан үг хэллээ. Тэрбээр шинэ Засгийн газрын зорилго, бодлогын гол чиглэлийг танилцуулсан юм.
Г.Занданшатар үгээ эхлүүлэхдээ: “Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын ард иргэд ээ. Та бүхэндээ зуны тэргүүн сарын шинийн 16-ны улаан тэргэл сартай шөнийн мэндийг хүргэе. Юуны өмнө надад өндөр итгэл найдвар, хариуцлага хүлээлгэсэн, Ерөнхий сайдаар тохоон томилсон гишүүдэд талархал илэрхийлье...” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Тэрээр өнгөрсөн Засгийн газрын хүрсэн амжилтыг онцолж, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг дараах байдлаар тодорхойлов.
Эдийн засгийн бодлого ба сорилтууд
Геополитикийн хурцадмал байдал, түүхий эдийн хамаарлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай тулгарч буйг тэрбээр онцоллоо. 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдийнхээс хоёр дахин буурсан, нүүрсний экспорт хумигдсан, гадаад валютын нөөц багассан зэргийг дурдсан юм.
Төсвийн зардлыг хэмнэх, төрийн хэт данхайсан бүтэцтэй тэмцэх бодлого баримтална. Үндэсний хороод, үр ашиггүй сангуудыг цэгцэлж, төрийн өмчит компанийн тоог бууруулах, хувьчлалын үйл явцыг эрчимжүүлэхээ илэрхийллээ.
Хувийн хэвшил ба хөдөлмөр эрхлэлт
Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, татварын реформ хийж, иргэд, ААН-ийн ачааллыг багасгах, шударга татварын тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьжээ. Төр хувийн хэвшлийн хийж чадах ажлыг давхар хийж оролцохгүй байх зарчим баримтална гэлээ.
Г.Занданшатарын онцолсон гол зорилт бол хүний хөгжил. Тэрбээр энэхүү салбарыг Засгийн газрын хамгийн том “мега төсөл” хэмээн тодорхойлж, хөдөлмөрлөж буй иргэн бүрийг дэмжих, амьжиргааг нь дээшлүүлэх чиглэлд анхаарна гэдгээ илэрхийлэв.
“Ард түмний төлөө Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгоно,” хэмээн тэр үгээ өндөрлүүлсэн юм.