Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэрт гарч байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “УИХ-ын дарга эрхэм гишүүд ээ. Яг дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжиж байсан. Эрхэм гишүүн та бүхэнд ‘Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ’ гэдэг үгэнд итгэдэг учраас үнэн бодит байдлын талаар хэдэн үг хэлье. Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж, иргэдийн итгэл буурсан байлаа. Энэ бүхнийг засахын тулд би үнэнийг хэлдэг, асуудалд үнэнч ханддаг Засгийн газрыг байгуулна гэж амласан. Бид данхар төсвийг 2.2 их наядаар танаж, төрийн шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, дижитал шинэчлэлийг эхлүүлсэн. Үүний үр дүнд улсын төсөв ашигтай гарч, валютын нөөц түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрлээ. Албан тушаал, сандал суудалтай зууралддаг хүн би биш. МАН-ын Бага хурлын гишүүдийн 68 хувь нь надад итгэл хүлээлгэсэн” хэмээлээ.
Үүнээс хойш УИХ-ын гишүүд санал хураалт явуулж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг 64 хувийн саналаар дэмжив. Нийт 111 гишүүн оролцсоноос 71 нь огцруулахыг дэмжжээ.
ТББХ өмнөх өдөр (2025.10.16) уг саналыг дэмжээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанд олонхын санал өөрөөр гарсан байна.
УИХ-ын гишүүдийн байр суурь
- Б.Пүрэвдорж: “Нүүрсний хулгай, төсвийн хулгай, гэрээний хулгай гээд олон зүйлийг олон жил хэллээ. Том хулгайч нар жижиг хулгайчдаа худалдаж авч, ард иргэдийг дорд үзэж байна.”
- Г.Занданшатар: “Нүүрсний хулгайн 124 хэргийг шалгаж, 88-ыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Манай Засгийн газар нууц гэрээ хийгээгүй. Нүүрсний ил тод байдлыг хангаж, экспортын түүхэн амжилт гаргасан.”
- Л.Мөнхбаясгалан: “Хулгайч нарын төлөө тэмцэнэ гэж хэлж байгаа та өөрөө адилхан хулгайч. Өнөөдөр та нарыг зайлуулах өдөр.”
- О.Цогтгэрэл: “Төрийн институциудын нэр хүнд унаж байна. Шударга ёсны төлөө АН-ын бүлэг огцруулах саналд дэмжлэг үзүүлж байна.”
Ийнхүү Г.Занданшатарын Засгийн газар 64 хувийн саналаар огцорч, УИХ-ын шийдвэрийн дагуу дараагийн Засгийн газрын бүтэц, шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал яригдаж эхэллээ.