Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холимог тулаанч Г.Чинзориг болон М.Тэнгис нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргалаа.
Шүүхийн шийдвэрийн дагуу Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтын дагуу гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулан, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин хохирогчоор нэрлэгдэж байсан М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгийн торгуулийн ял ногдуулжээ.
Шүүхийн үндэслэл
Хэрэг хянан шийдвэрлэх явцад Г.Чинзориг нь М.Тэнгисийн эмчилгээний зардалд 12 сая төгрөгийг бүрэн төлж, хохирлыг барагдуулсан болохыг тогтоожээ. Мөн М.Тэнгис нь “эмчилгээ бүрэн хийгдэж, эдгэрсэн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн нь гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчдийн хувийн байдал болон нөхөн төлбөрийг харгалзан үзсэн гэж мэдэгдэв.
Ийнхүү Г.Чинзоригт 3 жилийн хорих ял, М.Тэнгист 500 мянган төгрөгийн торгууль оногдуулж, хэргийг шийдвэрлэсэн байна.
