Францын “Үндэсний эв нэгдэл” намын тэргүүн Марин Ле Пен болон Европын Парламентын найман гишүүнийг Европын Холбооны санхүүгийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт буруутай гэж шүүхээс үзжээ. Энэ тухай The Guardian мэдээлэв.
Шүүхийн дүгнэлтээр тэд санхүүгийн хөрөнгийг хувьдаа завшсан гэхээс илүүтэй намынхаа үйл ажиллагаанд зориулан буруугаар ашигласан нь тогтоогдсон байна. Шүүгчийн хэлснээр, энэ нь “зүгээр нэг албан ёсны санхүүгийн зөрчил биш, харин намын зардлыг хууль бусаар бууруулах зорилго бүхий тогтолцооны нэг хэсэг байсан” гэжээ.
Марин Ле Пен нь улстөрийн өндөр рейтингтэй, 2027 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлэх магадлалтай нэр дэвшигчдийн нэг байсан. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг таван жилийн хугацаанд ямар ч сонгуульд нэр дэвшихийг хориглосон бөгөөд мөн 100 мянган еврогийн торгууль ногдуулж, 4 жилийн ял оноосон байна. Үүнээс хоёр жилийг гэрийн хорионд, хяналтын электрон бугуйвчтайгаар өнгөрөөх юм.
Ле Пен ба түүний улс төрийн байр суурь
Марин Ле Пен нь Францын улс төрийн барууны чиглэлийн, цагаачлалын эсрэг, ЕХ-ны талаар шүүмжлэлтэй байр суурь баримталдаг “Үндэсний эв нэгдэл” намын удирдагч. Түүний эцэг Жан-Мари Ле Пен уг намыг анх үүсгэн байгуулж байсан бөгөөд Марин түүний ул мөрийг шинэ үеийн өнгө аястай үргэлжлүүлэхийг зорьж ирсэн.
Ifop-Fiducial судалгааны төвийн 2024 оны арванхоёрдугаар сард гаргасан санал асуулгаар, Ле Пен Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 35-38 хувийн дэмжлэгтэйгээр бусад өрсөлдөгчдөө тэргүүлж байсан юм. Харин их, дээд сургууль төгсөгчдийн дунд түүний дэмжлэг хамгийн бага байжээ.