Франц бүсгүйчүүдийн гуалиг биеийн нууц дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Бяслаг, круассан, дарснаас татгалзалгүйгээр хэрхэн ийм байж чаддаг нь олон хүний сонирхлыг төрүүлдэг.
Vogue сэтгүүлийн мэдээлснээр, энэ нь хатуу хоолны дэглэм эсвэл хоригтой холбоогүй бөгөөд хоолноос стресс биш, харин таашаал авдаг амьдралын хэв маягтай нь шууд холбоотой аж.
Явдал дундаа хэзээ ч хооллодоггүй. Хамгийн түрүүнд ажиглагддаг зүйл бол франц бүсгүйчүүд хэзээ ч замдаа хоол идэж явдаггүй. Тэдний амьдралд үндсэн хооллолтын хооронд замбараагүй зууш идэх ойлголт бараг үгүй. Хооллолтын соёл нь бага наснаас нь төлөвшдөг бөгөөд өглөө, өдөр, оройн хоол гэсэн тодорхой хэмнэлтэй. Ингэснээр организм тогтвортой ажиллаж, хоолны дуршлыг хянах боломжийг олгодог байна.
Үдийн хоол бол тусгай зан үйл. Тэдний хувьд өдрийн хоол бол зүгээр нэг ажил хоорондын завсарлага биш юм. Парис хотод үдийн хоол хоёр цаг хүртэл үргэлжлэх нь хэвийн үзэгдэл. Энэ хугацааг хоолны амтыг мэдрэх, амрах болон хоорондоо харилцан яриа өрнүүлэхэд зориулдаг. Тайван, удаан хооллосноор тархинд цадах дохио цагтаа очдог тул илүүдэл хоол идэх хүсэл төрдөггүй.
Орлуулагч биш, чанарыг эрхэмлэдэг. Франц бүсгүйчүүд “diet” (хоолны дэглэмийн) гэсэн шошготой орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Тэд чанартай бүтээгдэхүүнийг сонгож, өөх тос эсвэл коллагены нэмэлтээс айдаггүй. Шинэхэн нарийн боов, бяслаг, цөцгийн тос нь өдөр тутмынх нь цэсэнд байдаг ч үргэлж зохистой хэмжээгээр хэрэглэдэг. Тэдний хувьд тавагны хэмжээ биш, харин амт чанар хамгийн чухал.
Хориотой амттан гэж үгүй. Тэд амттанг “онцгой өдөр” хүртэл хав дардаггүй. Хэрэв десерт идмээр байвал зүгээр л иддэг. Энэ нь сэтгэл зүйн дарамтыг арилгаж, “хориотой зүйл” гэсэн ойлголтыг үгүй хийдэг тул яваандаа хэтрүүлэн идэх эрсдэлийг бууруулдаг байна.
Бие махбодоо сонсох чадвар. Франц бүсгүйчүүд калори бүрийг тоолж өөрийгөө зовоодоггүй. Харин бие махбодоо сонсдог: хэрэв өлсөж байвал идэж, харин таашаал авч чадсан бол хооллолт амжилттай боллоо гэж үзнэ. Ингэснээр ямар нэгэн хатуу хяналтгүйгээр биеийн жингийн байгалийн тэнцвэрт байдал хадгалагддаг.
“Шингэн калори”-оос татгалзах нь. Тэдний өдөр тутмын хэрэглээнд чихэрлэг ундаа бараг байдаггүй. Газтай ундаа, смүүти, шүүснээс татгалзаж, ус болон хар кофег эрхэмлэдэг. Хааяа нэг хундага дарс хоолтойгоо хамт хүртэнэ. Чихэрлэг ундаанаас татгалзах нь биеийг хөнгөн байлгахад ихээхэн тустай.
Зөөлөн хөдөлгөөн. Тэд фитнессээр өөрийгөө тамлахгүй ч идэвхтэй хөдөлгөөнийг амьдралынхаа хэсэг болгосон. Лифтний оронд шатаар өгсөж, аль болох явган алхахыг илүүд үздэг. Ийм зөөлөн боловч тогтмол зуршил нь жингээ барихад хамгийн үр дүнтэй арга болдог байна.
Франц бүсгүйчүүдийн нууц нь иддэг хоолондоо биш, харин хоолонд хандах хандлагадаа байдаг. Тэд өөрийгөө хянах гэж хичээх бус, биеийнхээ хэрэгцээг илүүтэй мэдэрдэг байна.
