Цаг уурын байгууллагаас 2025 оны есдүгээр сарын урьдчилсан төлөвийг гаргасан бөгөөд агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн (ОЖД) орчим байх бол баруун аймгуудын өмнөд хэсэгт дунджаас арай дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд баруун хэсэгт харьцангуй бага, харин зүүн хагаст ОЖД-аас илүү хур тунадас орох төлөвтэй байна.
Сарын эхэнд баруун аймгуудаас эхлээд төв, зүүн, говийн аймгуудын хойд хэсэгт бороо орж, сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд хэсэгт уулархаг нутгаар нойтон цас орж, агаарын температур ОЖД-аас 1-5°С хүйтэн байх магадлалтай. Бусад хугацаанд температур ОЖД-ийн орчим эсвэл бага зэрэг дулаан байна.
Баруун аймгуудын цаг агаар
- Температур: Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэгт ОЖД-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим.
- Хур тунадас: Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх хэсэг, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд хэсэгт ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим.
- Онцлог: Сарын эхэнд бороотой, температур ОЖД-аас 1-3°С сэрүүн. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Бусад үед температур ОЖД-аас 1-3°С дулаан байна.
Төвийн аймгуудын цаг агаар
- Температур: Нийт нутгаар ОЖД-ийн орчим.
- Хур тунадас: Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэгт ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим.
- Онцлог: Сарын эхэнд зарим газарт бороо орж, температур ОЖД-аас 1-3°С сэрүүн. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд температур ОЖД-аас 1-3°С дулаан байна.
Зүүн аймгуудын цаг агаар
- Температур: Нийт нутгаар ОЖД-ийн орчим.
- Хур тунадас: Нийт нутгаар ОЖД-аас ахиу.
- Онцлог: Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр бороо, сүүлчээр зарим газарт нойтон цас орно. Температур эдгээр хугацаанд ОЖД-аас 1-3°С хүйтэн, бусад үед 1-3°С дулаан байна.
Говийн аймгуудын цаг агаар
- Температур: Өмнөговийн баруун хэсэгт ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим.
- Хур тунадас: Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсэгт ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим.
- Онцлог: Сарын эхэнд хойд хэсэгт бороо орж, температур ОЖД-аас 1-3°С сэрүүн. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр бороо орно. Бусад хугацаанд температур ОЖД-аас 1-3°С дулаан байна.