Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард мөн тус холбооны төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцож байсан билээ.
Эдийн засгийн нөхцөл, санхүүгийн боломж
Ерөнхий сайд уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал болон төсөв, санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгч, “Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуульд заасан хязгаартай тул урсгал зардлыг хэмнэлттэйгээр төлөвлөсөн. Гэсэн ч 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан” гэж мэдэгдэв.
Тэрбээр цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэмэлт эх үүсвэр босгох санал боловсруулж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсныг онцоллоо. Хэрэв уг тогтоол батлагдвал цалин нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодит боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд онцлов.
Багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх хувилбар
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байгаа. Харин Боловсролын яамны тооцоогоор энэхүү нэмэгдлийг бүрэн хэрэгжүүлэхэд жилд 6.1 их наяд төгрөг шаардлагатай аж. Иймээс салбарын сайдын хэлснээр цалинг 2028 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжтой байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 1.85 сая төгрөг, жилийн хоёрдугаар хагаст 2.5 сая төгрөг болгон өсгөх хувилбарыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Мөн боловсролын салбарын цалин, хөлсний бүтцийг шинэчлэх чиглэлээр бодлогын шинэ санал боловсруулах шаардлагатайг тэмдэглэв.