Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж, нүүрсний хулгайн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон түүний үр дүнг танилцууллаа.
Ерөнхий сайд хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний хулгайтай тэмцэж, эдийн засгийг сэргээх томоохон алхам хийснээ онцолсон юм. Түүний хэлснээр:
- Ерөнхий сайдаар томилогдох үед төсөв 3.3 их наядаар тасрах эрсдэлтэй байсан.
- Эдийн засгийн өсөлт нүүрсний үнийн уналтаас болж 2.4 хувьд хүрээд байв.
- Тэрбээр ажлаа авснаасаа хойш 2.2 их наяд төгрөгийг төсвөөс хэмнэж, наймдугаар сарын байдлаар эдийн засаг 5.7 хувь өссөн.
- ЭТТ-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд борлуулалтын орлого 1.3, олборлолт 1.1 дахин нэмэгдэж, валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болсон.
Ил болсон зөрчлүүд
Г.Занданшатар онцгой дэглэмийн хүрээнд ил болсон олон ноцтой баримтыг танилцууллаа. Үүнд:
- Нүүрс баяжуулах үйлдвэрийг 1.1 их наяд төгрөгөөр уурхайгаас 18 км зайд байгуулж, тээврийн өртөгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн.
- Онцгой дэглэм тогтоосноор нүүрс тээврийн өртөг 1.5 сая төгрөгөөс 400 мянган төгрөг хүртэл буурсан.
- Бортээгийн уурхайн аман дээр байгуулсан баяжуулах үйлдвэр ашиглагддаггүй хэвээр, харин 280 тэрбумаар конвер барих гэрээ хийгдсэн ч үр ашиггүй болсон.
- Хэрэв эдгээр үйлдвэрүүд үр ашигтай ажилласан бол 44 их наяд төгрөгөөс давсан орлого олох боломж байсан ч замбараагүй, үрэлгэн ажиллагааны улмаас алдагдал хүлээжээ.
Улс төрийн хариуцлагын асуудал
Ерөнхий сайд мэдэгдэлдээ, нүүрсний хулгайтай холбоотой асуудалд тухайн үеийн УИХ-ын дарга Б.Амарбаясгалан нэр холбогдсоныг дурдаад: “Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамтарна гэж итгэж байсан ч харамсалтай нь Д.Амарбаясгалан нэр холбогдсон байсан” гэж онцлов.
Тэрбээр мөн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг улсын төсөвтэй хамт өргөн барьсан бөгөөд үүний дараагаас улс төрийн өрсөлдөөн хурцадсан гэдгийг дурдав.
Шинэ томилгоо
Мэдэгдлийн төгсгөлд Ерөнхий сайд:
- Шударга ёсон дээр тулгуурласан эв нэгдэл чухал гэдгийг онцолж,
- Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа зарлалаа.