Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр (2025.09.04) хүрэлцэн ирлээ.
Түүнийг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, мөн Приморийн хязгаарын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко зэрэг албаны хүмүүс угтан авчээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн талбайгаар зочилж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон Бүгд Найрамдах Якут Улсын танхимуудтай танилцав. Энэ үеэр Буриадын тэргүүн А.С.Цыденов, Якутын тэргүүн А.С.Николаев нар байлцсан байна.
Маргааш буюу 2025 оны 9-р сарын 5-нд Ерөнхий сайд Г.Занданшатар тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлэхээр төлөвлөгджээ.