2025 оны 3-р сарын 31-нд УИХ-ын гишүүд Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар эрхтэн болон эд эрхтэний шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Монгол Улсад 2000 онд батлагдсан Цусны донорын тухай хууль нь донорын үйл ажиллагааг зохицуулдаг боловч өнөөг хүртэл зөвхөн цусны донорт төвлөрч байжээ. Харин сүүлийн жилүүдэд олон улсад эсийн нөхөн сэргээх, ургийн эрхтнийг шилжүүлэн суулгах зэрэг дэвшилтэт технологи өргөн хэрэглэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор шинэ хуулийн төслийг боловсруулсан байна.
Дэлхий даяар 93 улс эрхтэн болон эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд тэдгээрийн 90 гаруйд нь тусгай хууль, журамтай байдаг. Монгол Улсад ч мөн энэ төрлийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулснаар дотооддоо олон улсын жишигт нийцсэн эмчилгээ авах боломж бүрдэх юм.
Мөн нас барсан донороос эрхтэн авах, шилжүүлэн суулгах талаар бодлого, зохицуулалт тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн бодитойгоор сайжрах хүлээлттэй байна. Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн чиглэлийн эрүүл мэндийн шинэчлэл бодитоор эхлэх алхам тавигдаж байна.