Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Хангайн бүсийн Эрдэнэт дэд станцад гэнэтийн гэмтэл гарсны улмаас найман аймаг, 143 сумын цахилгааны хангамж тасалджээ. Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлснээр, уг гэмтлийг яаралтай засварлахын тулд шуурхай бригад ажиллаж байна.
Тасалдал нь Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймгийг хамарсан бөгөөд 220/110кВ-ын системийн цахилгааны хангамжийг сэргээх ажил идэвхтэй явагдаж байна.
БОЭТ-ийн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид болох Эрчимт эмчилгээний тасаг болон хүүхдийн тасаг нөөц эх үүсвэрээр цахилгаанаар хангагдаж байна. Одоогоор эрчимт эмчилгээнд нэг өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байна. Хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд хүүхэд байхгүй, мөн яаралтай хагалгаа хийгдээгүй гэж Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлжээ.
