Нидерландын Вагенингийн их сургуулийн эрдэмтэд дэлхийн далайн түвшин өмнө нь тооцоолж байснаас хавьгүй өндөр байгааг шинэ судалгаагаар тогтоосон байна.
“Mongolnews24.com” сайтад мэдээлснээр, уг судалгааны үр дүн шинжлэх ухааны нэр хүндтэй “Nature” сэтгүүлд нийтлэгджээ. Доктор Филип Миндерхауд болон түүний аспирант Катарина Сингер нар салбарын хяналтаар орсон 385 эрдэм шинжилгээний бүтээлийг нягтлан судалсан байна. Үүний үр дүнд өмнөх судалгаануудын 90 гаруй хувь нь далайн түвшнийг тодорхойлохдоо орон нутгийн шууд хэмжилтийг ашиглаагүй болохыг тэд илрүүлжээ.
Шинжилгээнээс үзвэл, далайн түвшин дунджаар 24–27 см-ээр, харин зарим тохиолдолд бүр 550–760 см-ээр дутуу үнэлэгдсэн байжээ. Ийм их зөрүү гарсан гол шалтгаан нь ихэнх эрдэмтэд зөвхөн дэлхийн татах хүч болон эргэлтэд суурилсан геоид (geoid — дэлхийн хэлбэр, татах хүчний загвар) загварт найдаж ирсэнтэй холбоотой юм.
“Бодит байдал дээр далайн түвшинд салхи, далайн урсгал, усны температур болон давсжилт зэрэг олон нэмэлт хүчин зүйлс нөлөөлдөг” гэж Миндерхауд тайлбарлав.
Судалгаагаар далайн түвшин дэлхийн хэмжээнд дунджаар 30 см-ээр, харин Зүүн өмнөд Ази болон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 100–150 см-ээр илүү өндөр байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр тоо баримтууд нь дэлхийн дулаарлаас үүдэн далайн эргийн суурин газруудад учрах эрсдэлийг дахин үнэлэх шаардлагатайг харуулж байна.
Далайн түвшин нэмэгдэх нь эргийн хотуудын хувьд туйлын аюултай юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын (IPCC) таамаглалаар, 2100 он гэхэд далайн түвшин 28–100 см-ээр өсөх төлөвтэй байгаа билээ.
Филип Миндерхауд болон Катарина Сингер нар далайн эргийн аюулыг үнэлэх арга зүйгээ эрс шинэчлэхийг уриалж байна. “Хэрэв тодорхой арал эсвэл эргийн хотын далайн түвшин бидний төсөөлж байснаас өндөр байвал, үүнээс үүдэх сөрөг үр дагаврууд тооцоолж байснаас хавьгүй эрт илрэх болно” гэж Миндерхауд анхаарууллаа.
