2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд шинэ зам барих, 41 байршилд авто замыг шинэчлэх ажлууд төлөвлөгджээ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчилж байгаа бөгөөд энэ хүрээнд автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгох шийдвэр гарсан байна.
Халаас зогсоолыг халж, нэгдүгээр эгнээ чөлөөлнө
Автобусны буудлуудыг халаасгүй болгох ажлын зорилго нь нийтийн тээврийн автобуснуудыг нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих боломжоор хангах юм. Ингэснээр нийтийн тээврийн хөдөлгөөний хурд нэмэгдэж, зохиомол түгжрэл буурна гэж үзэж байна.
Зогсоолуудыг үе шаттай хааж байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн тээвэрлэлтийн хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн авто зам дагуух зогсоолуудыг үе шаттайгаар хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцлон тэмдэглэлээ.
Шөнийн цагаар засварын ажил үргэлжилж байна
Энхтайваны өргөн чөлөөний замын шинэчлэлтийн ажил энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд эхэлсэн бөгөөд иргэдийн өдөр тутмын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд засварын ажлыг гүйцэтгэж байна. Асфальтбетон хучилтын ажлыг гол төлөв амралтын өдрүүдэд хийж буйг холбогдох байгууллага мэдээлжээ.