Квинсландын их сургуулийн эрдэмтдийн баг ердийн Zophobas morio цох хорхойг аврах ажиллагаанд ашиглах робот болгон хувиргасан өвөрмөц технологи боловсруулжээ.
Эрдэмтэд эдгээр шавьжинд микрочиптэй жижигхэн үүргэвч зүүж, тоглоомын геймпадаар холын зайн удирдлагаар хөдөлгөх боломжтойг харуулсан байна.
Төслийн удирдагч доктор Танг Во-Доан тайлбарлахдаа, эдгээр зургаан хөлт аврагчид байгалиасаа нарийн зайг туулах чадвартай, орчин үеийн робот хүрч чадахгүй газарт ажиллах боломжтой гэлээ. Харин эрдэмтэд эдгээр чадварыг программчлагдсан удирдлагатай хослуулан, тэдний эрүүл мэндэд нөлөөлөлгүйгээр чиглүүлдэг систем бүтээжээ.
Үүргэвч нь цох хорхойн хөдөлгөөнийг электродоор удирддаг ба энэ нь тэдний сахал болон далавчны хэсгийг өдөөн, хүссэн зүгт хөдлөхийг нь хянадаг. Туршилтаар цох хорхойнууд зөвхөн хажуу тийш маневр хийхээс гадна босоо ханаар авирч, өөрийн жингийн тэнцүү батерей зөөж чадахыг харуулсан байна.
Одоо эрдэмтэд илүү жижиг камер, эрчим хүчний эх үүсвэр хөгжүүлэх ажил дээр төвлөрч байна. Энэ нь цох хорхойнуудыг нурангин дорх хүмүүсийг илрүүлэх жинхэнэ “тандагч”-ууд болгох боломжийг бий болгоно.
“Бид амьд гарсан хүмүүсийг илүү хурдан олж чадвал, тэднийг аврах боломж ихэснэ” гэж доктор Во-Доан онцолжээ.
Дараагийн таван жилийн хугацаанд энэхүү технологийг бодит гамшгийн нөхцөлд турших төлөвлөгөөтэй байгаа аж.
Судалгаа Advanced Science сэтгүүлд нийтлэгдсэн байна.