Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмч, эмнэлгийн ажилтнуудын санал бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой “Эмчээ сонсъё” өглөөний уулзалтыг зургаан өдөр дараалан зохион байгуулж, нийт 800 орчим эмчтэй танхим болон цахим хэлбэрээр уулзлаа.
Эмч нарын голчилсон асуудлууд
Уулзалтын үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дараах асуудлуудыг түлхүү хөндсөн байна:
- Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн хүндрэл
- Цалингийн хүрэлцээ, нэмэгдүүлэх шаардлага
- Ажлын байрны дарамт, үйлчлүүлэгчдийн ёс бус хандлага
- Зураг, бичлэг хийх, цахим орчинд нэр хүндийг гутаах үзэгдэл нэмэгдэж буй байдал
Төрөөс авч хэрэгжүүлэх бодлого
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр дараах онцлох байр суурийг илэрхийллээ:
- Цалинг аажмаар нэмэгдүүлж байгаа бөгөөд үргэлжлүүлэн нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
- Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг барагдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
- 2025 оны намрын чуулганаар “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах тухай” болон “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулийн шинэчилсэн төслийг өргөн барих болно.
- Эмчийн нэр хүнд, бие махбодод халдсан тохиолдлыг хуулиар зохицуулах механизм бүрдүүлнэ.
Шинэ эрх зүйн зохицуулалт бий болно
Цаашид эрүүл мэндийн салбарын ажилтны эрх зүйн хамгаалалт, нэр төр, аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал зорилтын нэг болохыг сайд онцолжээ. Түүнчлэн эмч, мэргэжилтний нийгмийн баталгаа, боловсрол, мэргэжлийн хөгжилд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг илэрхийлэв.