Улаанбаатар хот энэ шөнө -4 хэмийн жиндүү хүйтэнтэй угтаж байгаа ч эрүүл мэндийн салбарынхан шаардлагаа хүргэхийн тулд гадаа хонож, суулт хийхээр шийджээ. Тэд Төв талбайд цугларч, үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан суулт зарласан бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол Пүрэв гарагт бүх нийтийн ажил хаялт хийхээ мэдэгдсэн байна.
Эмч, сувилагчдын хэлж буйгаар олон жил үргэлжилсэн цалин хөлсний ялгаа, ачааллаас давсан ажил, хүнд нөхцөлд ажиллах орчин нь тэднийг ийнхүү сүүлчийн арга болох суулт, ажил хаялтад хүргэжээ. Тэдний шаардлага нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахтай салшгүй холбоотой гэж үзэн, асуудлыг нэн даруй шийдэх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Нөгөө талд, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өчигдөр цалингийн шинэчлэлийн тооцооллыг танилцуулж, ирэх онд эмч, сувилагчдын үндсэн цалинг 3 сая төгрөгт хүргэх боломжтой гэж хэлсэн. Гэвч энэхүү тооцооллыг ажил хаялт удирдаж буй Монголын эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлд албан ёсоор танилцуулаагүй нь хоёр талын хооронд үл ойлголцол үүсгэж, эмнэлгийн ажилтнуудын дургүйцлийг улам нэмэгдүүлжээ.
Удахгүй эхлэхээр зарласан ажил хаялт эрүүл мэндийн үйлчилгээнд тодорхой хүндрэл үүсгэж болзошгүй бөгөөд салбарынхэн өөрсдийн шаардлагаа хангаж, бодит өөрчлөлт гарах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлж байна.
