Эрүүл мэндийн салбарын суулт найм дахь өдрөө үргэлжилж байна
Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэж үзэн Төв талбайд суулт зарласнаас найм хоног өнгөрч байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас тодорхой шийдвэр гараагүй тул өнөөдөр тус холбоо хэвлэлийн хурал хийж, тав хоногийн дотор асуудлыг шийдвэрлэхгүй бол улс даяар ажил хаялт зарлах болсноо мэдэгдлээ.
Үйлдвэрчний эвлэлээс тавьсан гол шаардлагууд
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дараах үндсэн шаардлагуудыг дахин нотлон илэрхийлэв:
- 2026 оны улсын төсвийг эргүүлэн татах;
- Эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх;
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэх;
- Иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгах.
Тэдний мэдэгдэлд “Бид улс төрийн зорилгоор бус, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тэмцэж байна. Хэрэв цалин нэмэх асуудлыг шийдэхгүй бол ажил хаялт зөвхөн нийслэлд бус, бүх аймаг, сумдад зэрэг өрнөнө” гэж онцолжээ.
Эмч нарын байр суурь
Суултад оролцогчдын хэлснээр, тэд долоо хоногийн турш хүйтэнд суулт зарласан ч Засгийн газар ямар нэг уулзалт, хэлэлцээ хийгээгүй байна. “Бид тав хоногийн хугацаанд шийдвэр гаргахыг хүлээж байна. Хэрэв энэ хугацаанд ямар ч арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу ажил хаялт зарлана. Иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирвал үүний хариуцлагыг төр засаг хүлээх ёстой” хэмээн тэмцэгч эмч нар мэдэгдэв.
Тэд мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж буурсан, гүйцэтгэлийн санхүүжилт үр нөлөөгөө алдсан, цалин, илүү цагийн хөлсийг цаг тухайд нь олгохгүй байгаа зэрэг асуудлыг тодотголоо.
