xAI компани Википедиагийн орчин үеийн хувилбарыг бүтээв
Элон Маск болон түүний xAI компанийн баг өөрийн бүтээсэн Grokipedia нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан онлайн нэвтэрхий толь бичгийг албан ёсоор нээлээ. Энэхүү платформ нь Википедиа-гийн шууд өрсөлдөгч гэж тооцогдож байгаа бөгөөд одоогоор v0.1 бета хувилбар хэлбэрээр туршилтын горимд ажиллаж байна.
Хэрэглэгчид Grokipedia-г үнэгүй ашиглаж, вэб хувилбараар хандах боломжтой бөгөөд сайт нь гэрэлтэй болон харанхуй горимын сонголттой энгийн интерфэйстэй юм.
Википедиатай харьцуулалт ба ялгаа
Одоогийн байдлаар Grokipedia-д 885 мянга орчим англи хэл дээрх нийтлэл байрлаж байгаа бол, харьцуулбал, Википедиад 7 сая гаруй нийтлэл бий. Grokipedia нь ердөө нэг өдөр ажиллаж эхэлсэн ч энэ нь богино хугацаанд хурдацтай өргөжиж байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч системийн ажиллагаа Википедиатай олон талаар ялгаатай:
- Хэрэглэгчид нийтлэл засварлах боломжгүй. Зарим хуудсан дээр “Edit” товч байгаа ч өөрчлөлт оруулах эрх хаалттай.
- Нийтлэлүүдийг “Grok шалгасан” гэж тэмдэглэдэг. Энэ нь мэдээллийн үнэн зөвийг хиймэл оюун ухаан баталгаажуулдаг гэсэн санаа боловч өгөгдөл зохиох эрсдэл байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
- Зарим контент Википедиагаас гаралтай. Жишээ нь, MacBook Air-ийн тухай нийтлэлд “Википедиагаас авсан материал” гэсэн тодруулга байжээ.
Маргаантай сэдвүүдийг өөр өнцгөөс
Grokipedia нь зарим мэдрэмтгий сэдвийг илүү шүүмжлэлтэй, төвийг сахисан байдлаар хүргэж байгаа нь онцлог юм.
Жишээлбэл, дэлхийн дулаарлын талаар Википедиа “уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны үр дүн” гэж тайлбарладаг бол, Grokipedia “хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд олон нийтийн түгшүүрийг дэврээж, асуудлыг ‘заавал шийдэх ёстой аюул’ болгон сурталчилдаг зохион байгуулалттай хүчин чармайлт байдаг” гэж бичжээ.
Энэхүү байр суурь нь Grokipedia-г уламжлалт нэвтэрхий толь бичгүүдээс илүү аналитик, маргаантай өнцгөөр мэдээлэл хүргэдэг платформ болгож байгаа аж.
Цаашдын төлөв
xAI багийн мэдээлснээр, Grokipedia-г цаашид олон хэл дээр нээж, хэрэглэгчийн саналын дагуу сайжруулах, мөн зураг, мультимедиа контент, бодит цагийн AI хариулт нэмж оруулах төлөвлөгөөтэй байна.
Элон Маск энэ төслийг “мэдээллийн үнэн зөвийг хамгаалсан шинэ үеийн мэдлэгийн систем” гэж тодорхойлжээ.


Элoн Маск дахиад нэг гайхалтай санаа гаргалаа
Энэ Grokipedia үнэхээр ChatGPT-тэй өрсөлдөх юм бол сонирхолтой байна