Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Дани улсыг ХДХВ болон тэмбүү өвчин эхээс хүүхдэд халдварлах (EMTCT) замыг устгасан орон хэмээн албан ёсоор гэрчилгээжүүллээ. Тус улс жирэмсэн эмэгтэйчүүдийг шинжилгээнд хамруулах, эмчлэх түвшний олон улсын хатуу шалгуурыг бүрэн хангаснаар ийнхүү ЕХ-ны орнуудаас анхдагч болж байна.
2025 оны зун ДЭМБ-ын бүс нутгийн болон дэлхийн зөвлөх хороо Дани улсыг шаардлагатай бүх үзүүлэлтийг биелүүлснийг баталгаажуулсан юм. Шалгуур ёсоор “устгасан” гэх статус авахын тулд хэдэн жилийн турш 100 мянган төрөлт тутамд шинэ халдварын тоо 50-аас хэтрэхгүй байх ёстой аж.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ: “Энэ бол Дани улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын томоохон ололт юм. Улс төрийн хүчтэй хүсэл зориг, анхан шатны тусламж үйлчилгээ болон эх хүүхдийн нэгдсэн үйлчилгээнд тууштай хөрөнгө оруулалт хийснээр жирэмсэн эмэгтэйчүүд болон шинэ төрсөн хүүхдүүдийг эдгээр өвчнөөс хамгаалж чаддагийг энэ үр дүн харуулж байна” хэмээн онцолжээ.
Энэхүү амжилтад хүрэхэд Дани улсын эрүүл мэндийн салбарын олон жилийн уйгагүй хөдөлмөр, жирэмсний үеийн нэгдсэн үзлэг оношилгоо болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.
Одоогийн байдлаар Дани улс ХДХВ, тэмбүүгээс гадна Гепатит В вирусийн эхээс хүүхдэд халдварлах замыг таслан зогсоосноо батлуулах шатандаа явж байгаа бөгөөд ДЭМБ-тай “гурвалсан устгал” (triple elimination) хийх чиглэлээр хамтран ажиллаж байна. Ингэснээр тус улс ДЭМБ-аас ХДХВ, тэмбүү, гепатитын халдвар эхээс хүүхдэд дамжихыг зогсоосон гэж хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн 22 орны нэг болох юм.
Дани улсад ХДХВ-ийн халдвартай 5950 орчим хүн амьдардаг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 0.1 хувиас ч бага байдаг. Тогтмол шинжилгээ, эмчилгээний ачаар эхээс хүүхдэд халдвар дамжих тохиолдол тэг болтлоо буурчээ. Харин төрөлхийн тэмбүүгийн тохиолдол жирэмсний хяналтын тогтолцооны ачаар маш ховор бүртгэгдэж байна. 2024 оны байдлаар тус улсад тэмбүүгийн 626 тохиолдол илэрсний 524 нь эрэгтэй, 102 нь эмэгтэйчүүд байжээ.
Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь зөвхөн танин мэдэхүйн зорилготой. Эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авна уу.
