Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж, нэг ч ялагдал хүлээлгүй яваа амжилтаа үргэлжлүүлсээр байна. Энэ удаа тэрбээр WBC холбооны аваргын бүсний төлөөх тулаанд гарахаар болж, өрсөлдөгч нь албан ёсоор тодорчээ.
Аваргын бүсний төлөөх энэхүү тоглолт ирэх сарын 1-нд болох бөгөөд Э.Цэндбаатарын эсрэг Барбадосын боксчин Кобия Бриди тулалдах юм. Хэрэв Монголын тамирчин энэ тулаанд ялалт байгуулж чадвал тус холбооны аваргын бүсийг хүртсэн анхны монгол тулаанч болох түүхэн боломжийн өмнө ирээд байна.
Кобия Бридигийн хувьд мэргэжлийн замналдаа ердөө нэг удаа ялагдал хүлээсэн тамирчин аж. Тэр ганц ялагдлаа 2020 оны есдүгээр сарын 19-нд амссан бөгөөд тухайн үед түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт буулган авч байсан түүхтэй.
Ийнхүү Монголын боксын хоёр өөр үеийн төлөөлөл ижил өрсөлдөгчтэй холбогдож буй энэ тулаан спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Э.Цэндбаатарын хувьд ялалтын цувралаа хадгалах төдийгүй олон улсын мэргэжлийн бокст Монголын шинэ түүх бичих боломж нээгдээд байна.
