Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах эрхийг олголоо. Уг бондыг 2026 онд багтаан, төслийн хэрэгжилттэй уялдуулан үе шаттайгаар арилжаалах юм.
Төслийн хэрэгжилт болон ач холбогдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:
- Хэрэгжүүлэх хэлбэр: Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ.
- Хуулийн шаардлага: Төсөл нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан ТЭЗҮ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх зэрэг шаардлагуудыг бүрэн хангасан байна.
- Хүрэх үр дүн:
- Шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана.
- Таван шар, 21 дүгээр хороолол, Баянхошуу, I, III, IV хороолол болон “Хилчин” хотхоныг найдвартай дулааны эх үүсвэрт холбоно.
- Одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн тогтвортой байдлыг хангана.
- Ажлын байр: Барилга угсралтын явцад 1600 түр ажлын байр, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр шинээр бий болно.
Энэхүү станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах урт хугацааны тогтвортой шийдэл болно гэж үзэж байна.
