Чойбалсан хот, 2026 оны гуравдугаар сарын 10. Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын (ХДТ) симфони найрал хөгжим БНСУ-ын Тэжон хотын Үндэсний хөгжмийн театрт зохион байгуулагдсан хүндэтгэлийн тоглолтод амжилттай оролцлоо. Хоёр хотын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн тус арга хэмжээнд театрын 24 уран бүтээлч хүрэлцэн очиж, Монголын болон дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг толилуулсан байна.
Тоглолтын хөтөлбөр хоёр үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд үзэгчдийн хүртээл болсон онцлох бүтээлүүдийг дурдвал:
- Үндэсний болон орчин үеийн бүтээлүүд: “Талын аялгуу” хамтлагийн уран бүтээлүүд, “Чингисийн магтаал” хөөмийн түрлэг, Б.Гэрэлмаагийн “Баргын тал”, МУАЖ В.Боролдойн “Бурхдын дуулал”;
- Киноны хөгжим: МУАЖ Б.Шаравын “Үхэж үл болно”, МУАЖ Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны аялгуунууд;
- Дэлхийн сонгодог бүтээлүүд: И.Брамсын “Унгар бүжиг”, “Радекций марш”, Оффенбахын “Кан кан” болон Ж.Бизегийн “Кармен” дуурийн удиртгал.
Энэхүү соёлын арга хэмжээ нь Дорнод аймаг болон Тэжон хотын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг зохион байгуулагчид онцолж байв. Манай уран бүтээлчид өөрсдийн нэрийн хуудас болсон үндэсний хөгжмийн баялаг дуурьслыг өрнөдийн сонгодог хөгжимтэй хослуулан ийнхүү хилийн чанадад сурталчиллаа.
