Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тамхи, согтууруулах ундаа болон чихэр агуулсан ундааны үнийг 2035 он хүртэл хамгийн багадаа 50 хувиар нэмэхийг бүх улс орнуудад уриаллаа. Уг санал нь архаг өвчлөлийг бууруулах, улс орнуудын төсөвт нэмэлт орлого бүрдүүлэхэд чиглэж байгаа аж.
Эрсдэлтэй хэрэглээ дэлхийн нас баралтын шалтгаан болж байна
ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, дээрх бүтээгдэхүүнүүд нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр өвчнөөр жил бүр нийт нас баралтын 75 хувь бүрддэг байна.
“Саяхны судалгаагаар нэг удаагийн 50 хувийн үнийн өсөлт нь дараагийн 50 жилийн хугацаанд 50 сая хүн дутуу нас барахаас сэргийлж чадна” хэмээн ДЭМБ онцоллоо.
Татварын бодлогоор эрүүл мэндийг дэмжих боломж
ДЭМБ мөн онцолж буй зүйл бол — татварын бодлогоор эрүүл бус хэрэглээг хязгаарлах боломжтой. Үнийн өсөлтийг акциз болон бусад төрлийн татварын хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр тухайн улс орнуудын төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодит хөшүүрэг болох юм.
Таргалалтын түвшин хоёр дахин нэмэгдсэн
2024 оны байдлаар дэлхий даяар хүн амын найман хүн тутмын нэг нь таргалалттай байгаа бол энэ тоо 1990 оноос хойш хоёр дахин өссөн байна. Энэ нь чихэр ихтэй бүтээгдэхүүн, идэвхгүй амьдралын хэв маяг, буруу хэрэглээний үр дагавар гэж ДЭМБ дүгнэжээ.