БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон бол дэлхийн хамгийн аюултай эмэгтэй улс төрч юм. Умард Солонгос судлаач Сон-Юн Ли Өмнөд Солонгосын “The Korea Herald” сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү онцолжээ.
Тэрээр тэмдэглэхдээ, одоо Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Үзэл суртал, ухуулга хариуцсан хэлтсийг тэргүүлж буй Ким Ё Жон бол тус улсын шатлалын “бодит байдал дээрх хоёр дахь хүн” бөгөөд Ким Жон Уны гол “орлогч” юм гэв.
“Цөмийн зэвсэгтэй дэлхийн есөн улсын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн дунд ийм хязгааргүй эрх мэдэлтэй хүнийг бид хараахан үзээгүй байна. Тиймээс би түүнийг дэлхийн хамгийн аюултай эмэгтэй гэж нэрлэж байгаа юм” хэмээн судлаач тайлбарлажээ.
Түүний үзэж буйгаар, Ким Ё Жон бол Умард Солонгосын дипломат арсенал дахь “урьд өмнө байгаагүй хүчтэй зэвсэг” аж. Дипломат харилцааны цаг ирэхэд түүний “найрсаг зан, эелдэг байдал” нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “зэвсэггүй” болгож мэдэх ч ийм хандлага нь нэг төрлийн “занга” гэдгийг Сон-Юн Ли анхааруулсан байна.
Мөн Ким Ё Жон ирээдүйд улс орны удирдлагын суудлаа Ким Жон Уны охин, түүний залгамжлагч гэгддэг Ким Жү Э-д тавьж өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг судлаач нэмж хэлжээ.
