Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2025” наадмыг маргааш буюу долоодугаар сарын 8-ны өдөр 11:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Энэ жил 19 дэх удаагаа зохиогдох уг наадмаар:
- Шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж, үндэсний хувцастай гадаадын оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл, хүүхэд, оролцогч
- Шилдэг дээл урлаачийг тус тус шалгаруулна.
Түүнчлэн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай, дээл урлаачдын үзэсгэлэн худалдаа болон хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн уран бүтээлчдийн тоглолт болох юм.
Наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд долоодугаар сарын 8-ны 11:00–13:00 цагийн хооронд төв талбайн зүүн талын туслах зам (Соёлын төв өргөөний зүүнээс “Цэнтрал тауэр” хүртэл) автомашины хөдөлгөөнд хаалттай байх тул иргэдийг анхааралтай байхыг уриалж байна.
Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол костюмс төв болон хамтран зохион байгуулагч байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.