Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин, соёлын өргөн хүрээтэй наадмыг 2025 оны 6-р сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Наадмын ач холбогдол ба онцлог
“Даншиг наадам” нь Монголын уламжлалт шашин, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой, аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал хувь нэмэртэй арга хэмжээ бөгөөд энэ жил анх удаа нийслэлийн иргэдийн баяр болгон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Наадмын нээлт ба тахилга ёслол
Наадмын эхний өдөр буюу 6-р сарын 27-нд Улаанбаатар хотын тахилга шүтээн болсон Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих зан үйлээр албан ёсоор эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн сүм хийдүүд хурал ном хурах, цан хэнгэргээ дэлдэх, буян номын үйлд ард иргэдийг уриалах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
Шашин, соёлын үндсэн үйл ажиллагаанууд:
- Лам нарын ном хаялцах, мэтгэлцэх тэмцээн
- Балин тосон урлалын үзэсгэлэн, уралдаан
- Сүнчэ айлдвар, Даншигийн цуваа, Очирвааны тахилга
- Чингис хааны сан, соёмбот туг залах ёслол
- Цам харайх ёслол, сор залах, шашны сүлд дуулал эгшиглэх
Уламжлалт үндэсний спорт, урлагийн арга хэмжээнүүд:
- Хүчит бөхийн барилдаан
- Хурдан болон жороо морины уралдаан
- Сээр цохих, сур болон шагайн харвааны тэмцээн
- ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа
- Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн
- Монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр
- Есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт
- “Монгол туургатан” уран бүтээлийн тоглолт (Улаанбаатар театрын)
Наадмын түүхэн ач холбогдол
Даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монголын анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжилснөөр анх зохион байгуулагдсан. Энэ нь Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ болж уламжлагдан ирсэн. Гол онцлог үйл ажиллагаа болох цам нь Бурхны шашны бага таван ухааны нэг “бүжиглэлийн ухаанд” багтдаг бөгөөд Очирваань бурханы дүрд хувирсан цамчид ад зэтгэрийг дарах хөдөлгөөнөөр бясалгал, дотоод эрч хүчийг илэрхийлдэг урлаг юм.
Цамд оролцогч 120 гаруй хүн уламжлалт ур хийц бүхий маск, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлтэй оролцож, Монголын соёлын өвийн онцлогийг бүрэн харуулна.