Саудын Арабад эхлэх “Дакар”-т Монгол хоёр тамирчнаа мото төрөлд илгээнэ
1977 оноос эхтэй, хамгийн олон өдөр үргэлжилдэг, авто ба мото спортын олимп хэмээн нэрлэгддэг “Дакар ралли 2026” уралдаан Саудын Арабад эхлэхэд 10 хоног үлдлээ. 46 дахь удаагийн тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийж, 14 хоног үргэлжлэн явагдана. Энэ удаагийн мотоциклын төрөлд Монгол Улсаас хоёр тамирчин уралдахаар болсон байна.
“Тал нутгаас Дакарт” төслөөр Э.Халиунболд, П.Мөрөн нар сонгогдов
Монголын баг “Тал нутгаас Дакарт” төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар “Эр зоригийн олимп”-д хүч үзэхээр болжээ.
Гавьяат тамирчин Э.Халиунболд АНУ-д бэлтгэлээ базаасны дараа Саудын Араб руу зорчихоор төлөвлөсөн байна. Харин П.Мөрөн энэ сарын 27-нд Арабыг зорих хуваарьтай гэж мэдээлэв.
Багийн арын алба, төлөөлөл мөн Арабыг зорихоор бэлтгэж байна
“Тал нутгаас Дакарт” төслийн багийг Э.Ууган-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа аж. Тэрээр “Дакар”-т мэргэжлийн тамирчин, механикч, менежер, медиа зэрэг нийт 14 мянга орчим хүн цуглахаар тооцоолж буйг дурдсан байна. Иймээс Монгол Улсаас зөвхөн хоёр тамирчин оролцохоос гадна багийн арын албыг хариуцах төлөөлөл Саудын Араб руу явах бэлтгэлээ хангаж байгаа талаар мэдээлжээ.
