АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаатай түр зогсоохоор болсноо мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь хоёр талт шинжтэй байх ажээ.
Цагаан ордны тэргүүн “Truth Social” хуудсаараа дамжуулан Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф болон тус улсын Хуурай замын цэргийн командлагч Асим Мунир нартай хэлэлцсэний үндсэн дээр ийм шийдвэрт хүрснээ зарласан байна.
“Тэд намайг өнөө орой Иран руу асар их хохирол учруулах хэмжээний цэргийн хүч илгээхээс түдгэлзэхийг хүссэн. Хэрэв Исламын Бүгд Найрамдах Иран Улс Ормузын хоолойг БҮРЭН, ШУУРХАЙ бөгөөд АЮУЛГҮЙГЭЭР нээхийг зөвшөөрвөл би хоёр долоо хоногийн хугацаанд Иранд бөмбөгдөлт болон халдлага үйлдэхээ зогсооход бэлэн байна” гэж Трамп бичжээ.
Ерөнхийлөгч Трамп АНУ-ын цэргийн бүхий л даалгавар хэдийнэ “даван биелсэн” бөгөөд Ойрхи Дорнодод тогтвортой байдал тогтоох, Ирантай урт хугацааны энх тайван тогтоох эцсийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байгааг тэмдэглэв. Түүний хэлснээр Вашингтон Тегеранаас 10 заалт бүхий санал хүлээн авсан нь хэлэлцээний боломжийн үндэслэл болж байгаа аж. Дээрх хоёр долоо хоногийн хугацааг Ойрхи Дорнодын энх тайвны хэлэлцээрийг эцэслэн тохироход ашиглах юм байна.
“АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар болон Ойрхи Дорнодын орнуудын нэрийн өмнөөс энэхүү олон жилийн асуудал шийдэгдэхэд ойртсонд туйлын таатай байна” гэж тэрбээр мэдэгдлээ өндөрлөжээ.

