2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны санаачилгаар “Цэрэг татлага-2025” зөвлөгөөнийг энэ оны гуравдугаар сарын 26-нд зохион байгуулж, цэрэг татлагын бэлтгэл ажлын талаарх хамтын ажиллагааг эрчимжүүллээ.
Зөвлөгөөнд Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэрэг, Цэргийн төв эмнэлэг, Нийслэл болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Засаг даргын Тамгын газар, харьяа цэргийн штабуудын төлөөлөл оролцож, цэрэг татлагын зохион байгуулалт, хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Зөвлөгөөнөөр хэлэлцсэн гол асуудлууд:
- Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүрэх арга зам
- Цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийн чанарыг сайжруулах
- Цэрэг татлагын үйл явцын зохион байгуулалт, уялдаа холбоог бэхжүүлэх
Мэргэжилтнүүдийн онцолсноор цэргийн насны залуусын дунд архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь эрүүл мэндийн олон асуудлын суурь болж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой осол гэмтэл, амиа хорлолт зэрэг сөрөг үзэгдлүүд нэмэгдэж байгааг дурджээ.
Цэргийн албанд тэнцэхгүй байх гол шалтгаанууд:
- Зүрх судасны өвчлөл
- Мэс заслын болон гэмтлийн эмгэгүүд
- Арьсны болон шүд, эрүү нүүрний өвчлөл
- Сэтгэцийн эмгэг
Иймд Батлан хамгаалах яамнаас цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг илүү чанартай болгох, тэнцэх чадварыг үнэн зөв тодорхойлох, цэрэг татлагын үр дүнг сайжруулахад онцгой анхаарахыг зорьж байгааг зөвлөгөөний үеэр онцлов.