Сүүлийн үед цахим платформд шууд дамжуулалт (live) хийж, “сугалаанд оролцоод азтан болоорой” эсвэл “мөнгөн шагнал хожоорой” гэх зэргээр иргэдийг хууран мэхэлж, залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Залилагчдын тактик
Залилагчид мэргэжлийн хэмжээнд харагдахуйц зохиомол орчин бүрдүүлж, иргэдийн итгэлийг олж авахыг санаархдаг. Тэд:
- Шууд дамжуулалтыг (live) өндөр чанартай, итгэл төрүүлэхүйц байдлаар зохион байгуулдаг.
- Сугалааны тасалбар бүрт тодорхой үнэ, тоо хэмжээ тогтоож, оролцогчдыг татдаг.
- Оролцогчдод:“Та хожлоо, баяр хүргэе. Харин мөнгөө авахын тулд 2%-ийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй”
гэх зэргээр хуурамч төлбөр нэхэж, мөнгө шилжүүлэхийг шаарддаг.
Цагдаагийн байгууллагын анхааруулга
Цахим орчинд явуулж буй ийм төрлийн шууд дамжуулалт болон урамшууллын сугалаа нь бодит бус бөгөөд зөвхөн иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг юм. Иймд:
- Ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх.
- Сугалаанд оролцохгүй байх.
- Ийм дамжуулалтыг харсан тохиолдолд нэн даруй “репорт” хийх.
- Өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.